2010-01-25
Улс төрийн эдийн засаг
“Эдийн засгийн уналтын үед төсвийг алдагдалтай батлах нь зохистой бол мөнгөний ханш унасан үед төсвийг ашигтай батлах хэрэгтэй байдаг”. Төсөв батлах гэдэг нь олж болох орлогоо нэмээд үүнээс нийт зардлаа төсөвлөж байгаад хасчихдаг асуудал биш болох нь харагдаж байна. Өнгөцхөн дүгнэвэл төсөв гээч нь судоку тоглож байгаа аятай юм болох нь л дээ. Эдийн засгийн онол, бүртгэл санхүүгийн үүднээс ухаж ойлгох гэвэл нэлээд төвөгтэй болоод явчихна.
Энэ бол Улс төрийн эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлдэг алхамуудын нэг л жишээ.
“Улс төрийн эдийн засаг” гэдэг бол төв банкны зүгээс мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлдэг онолын арга аргачлал, мөнгөний бодлогын үүрэг бол инфляцийг бага хувьтай барих явдал... гэх мэтээс илүү өргөн хүрээнд, гадаад эдийн засгийн бодлого, дотоодын улс төрийн хүчнүүдийн (ихэнхдээ сөрөг хүчний буюу үйлдвэрчний эвлэл) зүгээс эдийн засгийн чиглэлээр барьж буй бодлого, олон нийтийн сэтгэл зүй зэргийг нарийн судлаж улс төрийн оновчтой шийдвэр гаргах, улс оны хэмжээнд эдийг засаглах тухай ойлголтыг багтаасан шинжилэх ухааны салбар.
Монгол улсын 2010-2012 оны нэгдсэн төсвийн төсөлд /36 тал/ 2010 оны эдийн засгийн хандлагыг таамаглахдаа …байгаль цаг уур огцом өөрчлөгдөхгүй, тааламжтай байх ба, манай гол түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ өсөх хандлагатай байна, 2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.4 хувь байх ба үүнд ихэвчлэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мал мах, арьс шир, ноос ноолуур, үр тарианы өсөлт нөлөөлөхөөр байна гэжээ.
Энэ энгийн дүгнэлтээ хэрхэн гаргаж, улс орны хэмжээнд ирэх нэг жилийн эдийн засгийн байдлыг таамаглахдаа юунд үндэслэсэн нь хэтэрхий ойлгомжгүй байна. Учир нь Сангийн яам, засгийн газраас гаргаж УИХ-аас баталдаг улсын нэгдсэн төсвийн төсөл гэдэг бол хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхны хувьд ирэх жилд улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хэрхэн төсөөлөгдөж байгааг харж өөрсдийн шийдвэр гаргалт, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог хариуцлагатай баримт гэж үздэг. Улсын төсөв санхүүд байгаль цаг уурын нөлөө багагүй гэдэг нь ойлгомжтой ч төсвийн төсөл батлагдаад нэг улирал ч болоогүй байхад таамаглал биелэх нь мянгуужингийн үлгэр болж байхад ирэх нэг жилийн хугацаанд шуурганд төөрсөн амьтас аятай л юм болох нь ээ дээ. Угаасаа энэ нэгдсэн төсвийн төсөл, эдийн засгийн бодлогын баримт ач холбогдлын үнэлэмжээрээ хэр өндөр байдгийн шалтгаан энэ ч биз. Дан ганц энэ баримтыг муучлах гэсэндээ бус манай орны хувьд улс төрийн эдийн засгийн бодлого, макро эдийн засгийн таамаглал хэр тааруу хэрэгжиж байгаад л анхаарал хандуулах гэсэн хэрэг.
Төсвийн төслийг төлөвлөх тухай улс төрийн эдийн засгийн бодлогын асуудлаар бие даасан нийтлэл, судалгааг удахгүй нийтлэх болно. Энэ удаад “улс төрийн эдийн засаг”-ийн талаар зухас өгүүлэв.


Бичсэн: Monkey | цаг: 11:31 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax