2011-10-17
Цагаан зээрийн чуулган
Онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн нутгийн нэг болох Монголын тал нутагт цагаан зээр хэдэн зуун мянгаараа багширна. Сахлаг уудам энэ талд ийм олноор багширч байсан нь бараг үгүй аж. Үүнийг харсан биологичид дэлхий дээрх бүх цагаан зээрийн дөрөвний нэг нь Монголд байна гэсэн барагцаа тоо хэлсэн юм.

АНУ-ын Массачусетс муж улсын их сургуулийн эрдэмтэн Кирк Олсон “Сая харсан зүйлээ хараад би маш их гайхаж, юу хийхээ мэдэхгүй болсон” хэмээн өгүүлсэн.

К.Олсон болон түүний америк, монгол хамтран зүтгэгчид цагаан зээрийн энэ том чуулганы талаарх судалгааны материалаа Oryx сэтгүүлд хэвлүүлжээ. 2007 оны есдүгээр сарын 7-нд Олсоны багийнхан Монголын уудам тал нутагт үхэж үрэгдэлгүйгээр тэсч үлдсэн олон зуун цагаан зээрийг судлахаар Дорнод руу гарчээ. Тэдэнтэй хамт Смитсониан хүрээлэнгийн ажилтнууд цуг явсан бөгөөд тэд цагаан зээрийн хөдөлгөөн, нүүдлийг нь олж тогтоохын тулд барьж авсан зээрийнхээ хүзүүнд GPS дамжуулагч суулгасан хүзүүвч хийн тавьсан.

Дорнодын их талын зах руу ороод л тэд, нэг хоёр мянгаараа сүрэглэсэн цагаан зээртэй таарч эхэлсэн байна. Үүнийг К.Олсон “Ийм тоо толгойтой сүргийг харахад маш сайхан, сэтгэл хөдөлмөөр байсан” хэмээн дүрсэлсэн юм. Дараах өдрийнхөө үд дунд тэд бяцхан толгод даваад жинхэнэ гайхамшгийг олж харсан аж. “Тэр бол 250 мянган тоо толгойтой аварга сүргийн нэг зах нь байсан. Ийм зүйл хараад бид зүгээр л хөшчихсөн. Цагаан зээрийн аварга том сүргийн дүр төрх миний ой тойнд хэзээ ч арилшгүйгээр хадагдан үлдсэн. Бид цагаан зээрийн том сүрэгтэй тааралдана гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэнгэрийн хаяа хярхаг хүртэл хэдэн зуун мянгаараа багширсан сүрэгтэй таарна гэж төсөөлөөгүй. Урьд өмнө ийм том сүрэгтэй би таарч байгаагүй, ингэж олноор сүрэглэсэн тухай мэдээ баримт ч олж хараагүй” гэсэн юм.

Монголын цагаан зээр олон мянгаараа сүрэглэдгээрээ алдартай. 10 мянга юм уу түүнээс дээш тоо толгойтой сүргийн тухай мэдээлэл байнга шахуу сонсогдож байдаг аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 80 мянган толгойтой сүргийн тухай мэдээ бүртгэгджээ. Хээр талыг хамарсан их түймэр, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ингэж олноороо цуглардаг нь жам ёсны үзэгдэл аж. 2007 оны зун тал нутгийн ихэнх хэсгийг хамарсан ган болж, цаг агаар хуурайшсан аж. Цагаан зээр тэр зун нутгаасаа дайжиж, ногоо гарсан хэсэгхэн газар цугларсан байна. Одоохондоо хүний хөл хүрээгүй зарим газарт хоёр долоо хоногийн өмнө усархаг бороо орсноор ногоо цухуйсан нь цагаан зээрийн зоог тэнийлгэжээ.

К.Олсон “Бага ч гэсэн бэлчээрлэж болохоор нутаг үлдсэн байна. Зун ган болбол цагаан зээр энд зусах боломжтой байна гэдэг сайн зүйл. Тал нутаг өнөөг хүртэл онгон зэрлэгээрээ байна. Гэвч энэ том сүрэг толгой бүтэн онд орж чадахгүй байх” гэв.

Нутгийн малчид “Хээрийн амьтад дайжих, дүрвэх болохоороо ингэж олноороо цуглардаг” гэцгээж байгаа гэнэ. Тал нутгийг зорин хөгжил дэвшил айсуй. Бүс нутагт газрын тосны хайгуулын ажил өрнөж, тэр хэрээр хүн ам олшрон зам тавигдаж, газар хагалж, хашаа хатгах нь улам бүр ихсэж байна. Дорнод Монголын 250 мянган ам.км тал нутаг бол Өвөрмонгол, Манжуурыг бүхэлд нь хамарсан 1.5 сая ам.км экосистемээс онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн хэсэг нь юм.

“Дахиад ган болох юм бол цагаан зээрд хоол хайн нүүдэллэх газар байхгүй. Урагшаа 30 км яваад л хилийн хашаатай тулна. Олон мянган зээр үхлээ гэсэн мэдээг бид дамжуулж болох юм” гэж К.Олсон нэмж өгүүллээ. Ганц зээр ч биш бөхөн, монголчуудын хулан гэх зэрлэг илжиг анчдын бууны амыг тосолсоор тоо толгой нь ихээхэн цөөрч. Зээрийн сүрэг цөөрөхөөс өмнө тэднийг хамгаалах үйл ажиллагаагаа амьтан хамгаалагчид идэвхжүүлнэ гэдэгт эрдэмтэд найдаж байна. Сахлаг өвстэй тал нутаг, түүгээр нүүдэллэн амьдардаг амьтдын хувь заяа улам бүр бүрхэг болж байна.

Эцэст нь К.Олсон болон түүний багийнхан “Дорнод Монголын тал нутаг бол өнөөгийн дэлхий дээр экологийн тэнцвэрээ бүрэн бүтэн авч үлдсэн сүүлчийн газруудын нэг. Цагаан зээр бол Төв Азид хамгийн олон тоотойгоор үлдсэн зэрлэг амьтдын нэг. Өнөөдөртөө бэлчээрлэж буй нутаг газар нь удалгүй алга болж, тэдний амьдрах орчин нь үгүй болоход хувь заяа нь хаашаа эргэхийг мэдэх аргагүй” хэмээн ВВС-гийн Матт Уолкер бичсэнийг хөрвүүлэв.

АНУ-ийн Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгтэй хамтран “Цагаан зээрийн нүүдэл, шилжилтийн судалгаа”

Procapra Cutturosa Conservation Society Of Mongolia

Бичсэн: Monkey | цаг: 16:57 | ЦАГААН ЗЭЭР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax