2012-01-10
Эдийн засгийн сүйрлээс ангижрахын тулд амлалтаасаа ухрахаас өөр арга алга
Мөнгөний гүйлгээний системийг алдагдуулах нь капиталист байгууллыг устгах чухал арга хэмээн Ленин үзэж байсан гэцгээдэг…, харин “оршин буй нийгмийн байгууллын үндэсийг таслан, хөмөргөхөд мөнгөний системийг алдагдуулахаас илүү тийм найдвартай, үр дүнтэй арга байхгүй. Энэхүү үйл явц нь эдийн засгийн хуулиудад нуугдаж байдаг сүйрүүлэгч бүх хүчийг өдөөн сэргээж, улмаар уг өвчинд олон сая хүний дотроос нэг нь ч гэсэн онош тавьж чадахааргүй ужигран даамжирсан байдаг” гэж Джон Мейнард Кейнс гэлсэн байна.
Аливаа орны мөнгөний системийг удирддаг гол үүрэг нь Төвбанкинд байдаг. Төв банк мөнгөний бодлогын хэрэгжилтээр дамжуулж нийгмийн байгууллын оршин тогтнохуйн үндэс болсон мөнгөний системийн тогтвортой, аядуу байдлыг хангадаг.
Инфляцын бодит нөлөөллийг тооцож цалингаа боддог, хүлээгдэж буй инфляцын үр дүнг харгалзан үнэ ханшаа тогтоодог бизнесийн эзэн манайд бухал дотроос зүй хайхтай адил, ховор зүйл. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр хэрэглээний эдийн засгийн мэдлэг нийтэд нэвтрээгүй, эдийн засгийн суурь боловсрол дэндүү нимгэн байгааг явдал юм. Нийтэд халамж хэлбэрээр мөнгө тараах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж хэрэглээг дэмжих бодлогын илрэл боловч нөгөө талдаа зохиомол эрэлтийг өсгөж улмаар үнийн хөөрөгдлийг бий болгон инфляцыг дэвэргэнэ.
Эдгээр эдийн засгйин хуулиудын зах замраагүй өөрчлөлтийг хэн зохицуулах вэ, төвбанк. Тэгвэл Төвбанк мэргэжлийн, чадварлаг, багийн системээр ажиллаж чадахгүй бол дээрх үүргээ гүйцэтгэх боломжгүй. Төвбанк улс төржсөн, хамтын бодлоггүй, ур чадваргүй боловсон хүчинтэй байгаа үед мөнгөний системийг удирдах бодлогын үүргээ биелүүлж чадахгүйд хүрч мөнгөний систем доголдож эхэлнэ. Мөнгөний бодлого алдагдаж, нийгмийг хамарсан эдийн засгийн эмх замбраагүй байдал хяналтаас гарах нь нийгмийн байгууллын өөрчлөлт, уналтанд хүргэдэгийг маниасаа ухаантайчууд аль эрт хэлсэн байхыг дээр сийрүүлсэн.
Балга шатахууны үнэ 1850 хүрлээ. Хүрэх хүрэхдээ нэг шөнийн дотор 20 хувиар өссөн нь нийгэмд багагүй бухимдал төрүүлж орхилоо. Нийгмийн бухимдлын цаана бодит эдийн засаг төдийгүй, манайх шиг хэрэглээний эдийн засагтай улсын хувьд өргөн хэрэглээний барааны үнийн хэт хөөрөгдөл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад вальюттай харьцах ханшинд нөлөөлөөж, улмаар гадаад худалдааны алдагдлыг шууд утгаараа нэмэгдүүлнэ.
Ам.долларын ханшийн өсөлт шууд нөлөөллөө гэж импортлогч нар тайлбарлан газрын тосны газрынхантай харилцан ярилцаж байж шатахууны үнийг ийнхүү нэмсэн нь 2012 он төдийгүй ойрын 3 жилд манай эдийн засаг хэт халж, өөрийн гэсэн өвөрмөц хямралыг бид үзэх болоод байна.
Ашгийн төлөө ажиллаж буй импортлогч нарын буруу гэж юу байхав. Төрийн зүгээс мөнгөний хэт нийлүүлэлтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн, сар шиний наймааны бараа татах гэж наймаачид гадаад вальют худалдан авч буй зэрэг механик нөлөөллүүд нь зах зээл дэх гадаад вальютын хэмжээг бууруулсан. Гадаад вальютын буюу ам долларын эрэлт өссөнөөр түүний төгрөгтэй харьцах ханш огцом өсч, суурь эдийн засагт нөлөөлдөг гол барааны импортын өртөгийг нэмэгдүүллээ.
Үүнийг төв банк зохицуулж чадах ч тэгэх нь хэтэрхий эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа учир тэд инфляцыг онилох бодлогоос татгалзаж байх шиг байна.
Төв банк ийм бодлого барихаар бидэнд найдах ганц л боломж үлдлээ. Энэ бол ЗГ-ийн түвшинд асуудлыг хэлэлцэж зөрүү олгох замаар хэдэн импортлогч нарын асуудлыг шийдээд хүчээр ч хамаагүй үнийн хөөрөгдлийг бууруулах. Гэвч 1-р сарын 1-ээс их мөнгөний амлалтаа олгох шийдвэрүүд хэрэгжиж эхлэж байгаа тул дээрх арга хэмжээг аваад ч бодитой үр дүнд хүрэхгүй учир эдийн засгийн сүйрлээс ангижрахын тулд амлалтаасаа ухрахаас өөр арга алга. Харин сонгуулийн жилд тэд ингэж чадах болов уу.

Бичсэн: Monkey | цаг: 11:47 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax