2010-05-03
Байртай болох боломж байна уу
Орон сууц гэдэг монголчуудын толгойны өвчин байхаа хэзээ болих болоо. Хананаасаа халуун усаа аваад, цахилгаан зууханд цайгаа чанаж уух явдал бол соёлт нийгэмд, 21-р зуунд амьдарч буй хүн бүхний л наад захын шаардлага, хэрэглээ. Тав тухтай амьдралын орчин гэдэг жаргалтай амьдралыг нөхцөлдүүлэх томоохон хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Бодоод үз л дээ, өвлийн хүйтэнд дөчийн пидонтой ус зөөж ундаа залгуулна, орой харихдаа замаараа ганц шуудай мянгын нүүрс дүүр ч харих нь гэр хорооллынхны өдөр тутмын амьдралын хэмнэл. Энэ хэмнэл яалт ч үгүй борог амьдралын дүр зураг. Гэр хороололд амьдрагч хүүхэд цаанаа л нэг борогдуухан харагддагыг нуух юун. Гэртээ хичээл номоо давтаж байхын оронд үүр түүрээр түлээгээ залгуулж, усанд явах нь гэр хорооллын хүүхдүүдийн хичээл сурлагад их бага хэмжээгээр нөлөөлж л байгаа. Амьдрах орчин эрүүл ахуйн талаар ярих ч юм биш, ил жорлон нь өвөлдөө уул овоо болж хөлдөөд доороос данкрадчих гэх, зундаа хөрсөндөө шингэж үерийн ус дагаж урсаад үнэр танар нь дийлдэхгүй.
Гэр хорооллынхны амьдралын хэцүү бэрхийн талаар цухас дурдахад л ийм. Ийм нөхцөлд хэн амьдрахыг хүсэх билээдээ. Тав тухтай орон сууцанд амьдрахыг хүсэхгүй хүн үгүй, хүслээ гээд ч яалтай, эцсийн эцэст бүх зүйл л мөнгөн дээр л тогтдог хойно.
Асуудлын гол нь энэ, орон сууцны үнэ, худалдан авах бодит чадамж. Сүүлийн үед нэг зүйл их ойлгомжтой боллоо. Иргэдийн өрхийн бодит орлого 1.2 саяаас доош, банкны орон сууцны хүү 1.0 хувиас /сарын/ дээш байгаа нөхцөлд миний өмнө дүрсэлсэн гэр хорооллынхон орон сууцтай болох асуудал мөрөөдөл. Жаахан дэлгэрүүлбэл: 10 жилийн хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй /Хаан банк, үүнийгээ хамгийн бага хүү гэж зарлаж байгаа/, хоёр өрөө байрны дундаж үнэ 60 сая төгрөг байгаа үед орон сууцны үнийн 30 хувь буюу 18 сая төгрөгийг яаж иигээд төлсөн тохиолдолд нөгөөх дундаж өрхөд сардаа 900 орчим мянган төгрөг шаардлагатай. 900 мянган төгрөг зээлэнд төлчихөөд 300 мянгаар амьдрах асуудал болж байна. Өрхийн нэг гишүүний дундаж цалинг 300 мянга байхад хамгийн багадаа өрхөд ийм цалинтай 4 гишүүн байх шаардлагатай. Энэ хэр зэрэг боломжтой болохыг надаар хэлүүлэх юун. Ийм л учраас өнөөгийн нөхцөлд байртай болох асуудал нэн хүнд санагдаж байна.
Тэгвэл сард 900 мянган төгрөг төлөөд 10 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох тухай бодож зээлийн төлбөртөө дарамтлуулж шар махтайгаа хатаж суухаар 2 өрөө байр түрээслэхэд сардаа хамгийн дээд тал нь 350 мянган төгрөг. Банкинд төлөхийн оронд 550 мянган төгрөгөө хуримтлуулахад 42 сая төгрөгийг 7 жилд цуглуулчихна. Наанадаж арай эрт өөрийн гэсэн байртай болох боломж харагдаж байна. За тэгээд зургаан жил ч бай, арван жил ч бай энэ хугацаанд юм яаж л өөрчлөгдөж болох.
Иймд банкны зээлийн хүүний өндөр түвшин, өрхийн бодит орлого ойрын хугацаанд мөргөж дундаж иргэд байртай болох асуудал ажил хэрэг болох нь худлаа боллоо. Тиймээс нэг бол байр түрээслэх тухай бодох хэрэгтэй, үгүй бол гэртээ амьдрах тухай бодно.
Гэвч үүнээс өөр нэг боломж байгааг харах хэрэгтэй. Заавал 60 саяын байр гэхийн оронд өөрөө өөрийгөө нараар халаадаг, бохирын системтэй хувийн орон сууцтай болох асуудлыг дээрхээс бага үнээр шийдэж болохоор санагдана.
Мэдээж хувь хүн өөрөө тооцож үзэх нь чухал. Банкны зээл буух, байрны үнэ унахыг хүлээх нь бухын доодохыг харж үнэг турж үхэхтэй адил юм болох нь тодорхой.
Мөнгөний нийлүүлэлт нийгмийн халамжаар дамжин нэмэгдэж байгаа өнөө үед төв банк инфляцаа аргамжихын тулд мөнгөний хатуу бодлого барьж бодлогын хүүгээ өсгөнө. Ийм тохиолдолд сарын 1.0 хувийн хүүг зүүдлээд ч хэрэггүй.
Байр түрээслэх нь дээр тухай ярихаар нөгөө олон байртай феодалууд хагарталаа баярлана л даа. Одоо яая гэхэв, ийм л байна.


Бичсэн: Monkey | цаг: 22:21 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Байранд хувцас халтардаггүй ккк. Ганц наадахыг чинь л хэлье дээ. Газар тэнгэр шиг ялгаатай. Би хотын байрны дундах арван жилийг гэр хорооллоос гэлдэрсэн энгийн нэгэн сурагч байсаан. хэлээ гаргах
Бичсэн: up цаг: 22:17, 2010-12-19 | Холбоос | |


Харин байрлал, газар, унааны мөнгө гээд дэндүү их юм бодох хэрэгтэй болно гуниглах
Бичсэн: xvv цаг: 22:46, 2010-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax