2010-06-14
УЛС ТӨРЧДИЙН ЭРС ШИЙДЭМГИЙ БУС, ЗУСАР БА СУЛ АМ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ НЬ
Улс төрийн зүтгэлтнүүд эдийн засгийн хийгээд болж буй үйл явцын талаар хангалттай мэдлэгтэй, асуудалд эрс шийдэмгий байр сууринаас хандаж, гаргасан шийдвэртээ бат зогсож хүлээсэн үр дүнгээ үздэгсэн бол бид тэдэнд итгэн найдаж, ирээдүйгээ даатгахсан. Харамсалтай нь ийм байдаггүй.

Учир нь ийм байдагсан бол тэд ч итгэл төгс шийдвэр гаргаж, эдийн засгийн болон улс төрийн хатуу чиг шугамтай бодлогоо хэрэгжүүлэхэд нь амар байхсан. Улс төрийн аливаа шийдвэр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх нь уян хатан, бие даасан тогтвортой төрийн шинж боловч хатуу ч бай зөөлөн ч бай гаргасан шийдвэрээсээ ухарч няцдаг байх нь яавч зөв, зарчимч чиг шугамтай төрийн шинж биш юм. Төрийн бодлого зарчимтай, эрээ цээртэй байхын үндэс бол төрийн түшээд нь мөн тийм байх явдал. Гэтэл хий хөөрцөглөсөн, ноён нуруугүй улс төрчдөөс болж монгол төрийн чигч шинж алдагдаж, увайгүй зусар хүмүүсээр дүүрээд байна. Төр түвшин амгалан байх нь түмэн олон амар тайван амьдрахын үндэс.

Улс төрчид хувийн хэвшлийнхэн болон сонгогчидоос дэмжлэг хүлээхийн тулд өөрийн засгийн газрын эсвэл парламентаас гаргах гэж буй томоохон шийдвэрийн талаар өөр хоорондоо урцалдан урьдчилаад тунхаглачихдаг. Энэ нь нийгэмд төдийгүй хувийн хэвшлийнхэнд хүлээлт төрүүлж, улмаар хүлээлтэнд суурилсан шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байна. Гэтэл тэд эргээд нөгөөх шийдвэрээсээ ухарч няцдаг.

Энэ зүй тогтол олонтаа үргэлжилэхэд хувийн хэвшлийнхэн улс төрчдийн амлалт, шийдвэрт тэр бүр итгэхээ байж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хардсан өнцгөөс харж харин ч тэднийг тус шийдвэрээсээ удахгүй няцна гэсэн хүлээлтээсээ болж тэс өөр шийдвэр гаргадаг. Иймээс улс төрчдийн шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжих боломж хомдож эхэлдэг. Төр түшиж буй төрийн түшээ нь улс үндэстнийхээ хөгжил, дэвшлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэдэгсэн бол дөрвөн жилийн хугацааг дөрөвхөн хоног мэтээр голмоглож дараагийн удаа хэрхэн эрх мэдэлд ойр очихдоо олдсон хугацаагаа зарж байна. Мөнгө тойрсон, төсөв тойрсон, эсвэл найр наадам, олныг хамарсан асуудалд голлох рольтой оролцоод хөгжлийн болоод өнөөгийн нийгмийн маргаашийн амин чухал хууль хэлэлцэх, тулгамдсан гол гол асуудлыг хэлэлцэхэд парламентын гишүүдийн оролцоо хэр байдагийг бид мэднэ. Оролцох гээд ч хэмжээ нь тутдаг биз.

Ийм туйлбаргүй, чансаагүй улс төрийн бодлогын илэрэл нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар авч үзэе.
Сонгуулийн утаггүй амлалтаасаа болж нийгэмд сангийн бодлогын хүрээнд бэлэн мөнгө тараах асуудлаа хич түрэн шийдлээ, учир мэдэх эдийн засагчид нь бэлэн мөнгө тараах нь инфляцыг хөөрөгдөхөөс хэтрэгүй, иргэдийн гар дээр нэмэгдэх бага хэмжээний нэмэгдлийг инфляц залгих болно гэж бишгүй л дуугарлаа. Энэ нь төрийн зохицуулалт муутай гол нэрийн бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэх замаар иргэдийн бодит худалдах авах чадвар, амжиргаанд нөөлөөлөөд эхэлсэн. Сангийн энэ бодлогын эсрэг төв банк инфляц барьж үлдэхийн тулд мөнгөний хатуу бодлого барих талаар тунхагласаар одоо хэрэгжүүлж эхлэх гэж байх шиг байна. Энэ алхам нь банкны системийн шинэтгэлийн асуудалтай зуузай нийлүүлэн хэлэлцэгдсэн боловч шинэтгэлийн асуудал нь манайхны сурсан зангаар наадмын дараа гэж хойш шидэгдэв. ОУВС төдийгүй хандивлагч байгууллагууд төлөөлөгчөө илгээн танай улсын эдийн засаг, санхүүгийн байдал нэн эгзэгтэй байдалд байгаа тухай сануулах, заналхийлэхийн завсар мэдэгдээд байна.
Гэсэн хэдий ч илжигний чихэнд ус тос алийг нь ч хийсэн сэгсэрдэг шиг манай хэд мөнөөх туйлбаргүй зангаараа аашилсаар одоо ч бүр учираа олохоо байгаад байх шиг байна.

Инфляцтай тэмцэх тухай Төвбанкны иймэрхүү мэдэгдэл нь нийгэмд төдийлэн итгэл үнэмшил төрүүлж чаддаггүй билээ. Инфляц ужиграад ирэхээр нийгэмд ажилгүйдэл нэмэгдэх шууд хүчин зүйл болж хувирдаг тул хүлээгдэж буй инфляц нэгэнт тулаад ирэхийн цагт Төвбанк ажилгүйдэлтэй тэмцэх засгийн бодлогын нөлөөгөөр өмнө өгч байсан амлалтаасаа ухарч эхэлнэ. Урьд нь мөнгөний хатуу бодлого явуулахаа шийдэмгий мэдэгдэж байсан төвбанк арга буюу хүлээсэн үр дүндээ хүрэх боломжгүйг хүлээн зөвшөөрч сангийн бодлогод бурууг чихнэ. Ийм л байна.

Болохгүй гэхээр улам зүтгээд байдаг хүүхэд шиг юм. Албан татварыг ноогдуулах тухай хуулийг чанд мөрдүүлэхийн тулд түүнээс зайлсхийгчдийг хатуу цээрлүүлэх тухай лүндэн байдаг. Тэгсэн атлаа татвараас нэгэнт зайлсхийснийх нь дараа Засгийн газар алдсан орлогоо нөхөхийн тулд “Татварын өршөөл үзүүлэх” тухай хууль гаргаж өршөөж байх. Гэтэл татвараас зайлсхийгчдэд өршөөл үзүүлэх тухай асуудал нь нөгөө талдаа алдсан орлогоо нөхөх гэдэг утгаараа татвараас зайлсхийсний хувьд ял зэмээс хэлтрүүлж байна, үүний хариуд зайлсхийсэн татвараа төлчих гэдэг. Харин манайд энэ бүр хөгийн юм болоод ялаас ч хэлтрүүлэе, нуусныг чинь ч авахаа байя. Харин цаашид татвараа бүү нуугаарай, хуримтлуулалгүй төлж байгаарай гэсэнтэй адил юм боллоо.
Хамгийн хоржоонтой нь энэ шийдвэрийг гаргаж байгаа нөхөд болон түүний хамсаатан хувийн хэвшлийнхэн хэдэн жилийн өмнөөс үүнд бэлдэж татвараа төлөхөөс хойш сууж эхэлсэн байх юм.

Ам султай, зусар улс төрчид болон зарчимч чиг шугамгүй төрийн бодлогын нөлөө эдийн засагт, иргэдийн нуруун дээр хичнээн их ачаа нэмж байгааг дурдаад үл барах.

Бичсэн: Monkey | цаг: 11:34 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гайхах
Бичсэн: Зочин цаг: 19:42, 2011-03-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax