2010-04-03
“Худал амлалтыг нь нэхэхгүй байх ард түмний хөдөлгөөн” өрнүүлмээр байна
4-р сарын 5-ны өдөр юу болох болдоо гэсэн сониучхан атлаа айдас, хардалт, сэрэмж дагуулсан бодол өөрийн эрхгүй сэтгэлийг тавгүйтүүлэх юм.
Жагсаалыг зохион байгуулагч нар өөр хоорондоо цусан тангараг өргөж байгаа хийгээд УИХ-ыг таран тартал тэмцлээ үргэлжлүүлэх талаар амлалт өгч байгаа харагдсан. Мөдхөн болох энэхүү жагсаалын шаардлага болон зорилго нь юу болох талаар ойлгож ухаарахад төвөггүй, сонгуулиар өгсөн амлалтыг нь улсын их хурлын гишүүдээс нэхэх л асуудал. Гэтэл нэтэр дээрээ өөр томоохон зорилго агуулж байгаа мэт аяг гаргаж байгаа нь мөнөөх хардалт, айдас, сэрэмжийг дагуулаад байна.
Зарим гишүүд, нам, бүлгүүд монголын ирээдүйн хөгжил дэвшийн үндэс, цаашдын өөрчлөлтийг хувьсгалч үзэл санааны үүднээс төсөөлж байхад өөр нэгэн хэсэг нь стратегийн орд газруудыг монгол оронд ашигтай нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар ашиглалтанд оруулах гэх мэт асуудлыг тойрон гороолж байна.
Миний бодлоор энэ бүхнийг цаг хугацааны хувьд ч тэр, хүрэх үр дүн, үндсэн мөн чанарын нь хувьд ялгаж салгаж ойлгох, асуудалд ултай суурьтай хандах нь зүйтэй гэж санагдана. Учир нь энэ олон асуудлыг хольж хутган өөрсдөд хэрэгтэй өнцгөөр нийгэмд ухуулан сэнхрүүлж байгаа нь нийтийн эмх замбраагүй байдал, төрийн тогтворгүй байдалд хүргэж өнгөрсөн хугацаанд бага ч атугай хүрсэн амжилтаасаа ухрахад хүргэнэ гэдгийг хаана хаанаа ойлгох учиртай баймаар.
Угтаан бол өнөөдөр монголд хууль бус замаар төрийн эрх мэдлийг авсан этгээдүүд төр барьж байна. Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүд баримтаараа батлагдсан тохиолдол олон бий, бэлэн мөнгө, эд хөрөнгө тараах замаар иргэдийн саналыг худалдаж авсан үйлдэл нь нотлогдсон нь хууль бус замаар төрийн эрх мэдлийг авсаны илэрэл юм. Харин амлалт өгөх асуудал бол үүнээс өөр, ямар ч улс оронд сонгуулын үеэр “та нар саналаа өгч бид олонх болвол ийм зүйлийг хийнэ, тэдэн төгрөг тараана” гэх мэт амлалтыг өгдөг. Тэр нь биелэхээр байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Гагцхүү өнөөдөр амлалтыг нь нэхэхээс илүү хууль бусаар төрийн эрх мэдлийг авсан үйлдэлд нь хариуцлага тооцож УИХ-ыг тараах асуудал тавих нь энэ олон шаардлагын үндэсийн үндэс нь юм. Зөвхөн хамгийн чухал энэ л үндсэн шаардлагыг тавьсаных нь төлөө 7-р сарын 1-ний эмх замбраагүй байдал үүсч, олон хүний алтан амь үрэгдсэн. Энэ тэмцэл, шаардлага монголын түүхэнд үлдэх хамгийн зарчимч, хор найруулаагүй /тэгэх ч зав байгаагүй/, иргэд чин хүслээрээ тэмцсэн магадгүй цөөн тэмцлийн нэг байсан. Зөв тэмцэл байсан.
Гэтэл хууль бус төр, засгийн газраас худал амлалтыг нь нэхэх асуудал бол өөрөө их утаггүй. Харин сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай төрийн институцээс сонгуулиар амласан амлалтыг нь нэхэх явдал бол байж болох зүйл.
Оюу толгойн гэрээний асуудлаар одоо элдэв юм ярих нь дэндүү оройтсон Батбаяр мэтийн гишүүдээ гэмээр байгаа юм. Уг нь бол хууль бус УИХ-аас Хууль бус Засгийн газар бүрэлдэнэ, хууль бус, эрх зүйн чадамжгүй засгийн газар эрх зүйн чадамжгүй, хүчин төгөлдөр бус гэрээ л байгуулна. Энэ бол үнэн зарчим.
Тийм болохоор амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн бол цэвэр улс төрийн зорилготой. Амлалт нэхэх асуудлыг УИХ-ыг тараах асуудалтай хамт тавьж байгаа бол энэ нь цэвэр улс төр. УИХ-ыг тараах асуудлыг дангаар нь тавьсан бол үүнийг хууль бусаар төрийн эрх мэдэл авагсдыг татан унагах ард түмний хөдөлгөөн гэж ойлгоно. Гэтэл амлалт нэхэж байгаа нь яалт ч үгүй монгол орныг мөхөлрүү түлхэж байна. Амлалтыг нь нэхээд гарахаар улсаа барьцаанд тавиад ч хамаагүй мөнгө олж ирж наад нэхээд байгаа 1.5 саяыг чинь өгөх талаар эзний хоёр загал зэрэгцэж суугаад мэдэгдэл хийж байгаа нь өчигдөрхөн зурагтаар гарлаа. Энэ мөнгийг өгөх тухай, авах тухай ярих л юм бол улс орон сүйрнэ. Эдийн засгийн хувьд ч тэр, улс төрийн тогтолцооны хувьд ч тэр.
Харин үүний оронд “худал амлалтыг нь нэхэхгүй байх ард түмний хөдөлгөөн” өрнүүлмээр байна.

Бичсэн: Monkey | цаг: 14:35 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Санал нэг байна. Амлалт нэхэх нь илүү олон хүн тэнд цуглуулах байх гэсэн санаа. Харин амлалт нэхэхгүй байх хөдөлгөөнийг бодит байдлаар биш ч мэдээллийн хэрэгсэл, интернетээр дамжуулан өрнүүлбэл хэр зэрэг үр дүнтэй бол?
Бичсэн: xvv цаг: 18:44, 2010-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax